РЕЛЕ ХАМГААЛАЛТ, АВТОМАТИКИЙН ИНЖЕНЕРҮҮДИЙН СУРГАЛТ БОЛОВ

Эрчим хүчний салбарт диспетчерийн алба үүсч хөгжсөний 50 жилийн ой угтсан 50 бүтээлч ажлын нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд Диспетчерийн үндэсний төвийн Реле хамгаалалт автоматикийн албанаас ЭХИС-ийн Автоматжуулалтын туршилт судалгааны төв, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, “RР&A” ХХК-тай хамтран “Реле хамгаалалт, автоматикийн инженерүүдийн сургалт”-ыг 2014 оны 3 дугаар сарын 24-нөөс 28-нд амжилттай зохион байгуулав.
“110 кВ-оос дээш хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамын реле хамгаалалт, автоматик” сэдвээр зохиогдсон энэхүү сургалтанд цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний салбарууд болон бусад компаниудын 20 гаруй инженерүүд оролцож онол, дадлага хосолсон 50 цагийн хичээлд хамрагдлаа. Сургалтын зорилго нь цахилгаан дамжуулах шугам сүлжээний хэвийн болон хэвийн бус горимууд, өндөр давтамжийн нийлмэл реле хамгаалалт автоматикийн ажиллах зарчим, схемийн онцлог, шалгалт туршилт хийх дадлага олгох, сүүлийн үеийн тэргүүний технологи, программчлагдах контроллер, тоон технологийн реле хамгаалалт автоматик, микропроцессорын төхөөрөмжийн талаар цахилгаан дамжуулах шугамын реле хамгаалалт автоматикийг хариуцаж гардан ажиллаж байгаа инженерүүдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд чиглэгдсэн болно.
Сургалтыг эрдэмтэн багш нар, туршлагатай зөвлөх инженер, шинэ залуу инженерүүд хамтран явуулсны үр дүнд цахилгаан системийн найдвартай, тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг бүхий реле хамгаалалт автоматикийн нарийн мэргэжлийн инженерүүд цаашид мэргэшин ажиллахад нөлөө үзүүлэх өгөөжтэй сургалт болсны зэрэгцээ оролцогчид шалгалт өгч сертификат гардан авлаа.

Мөнгөө хэмнэх арга

Эдийн засгийн хямралын өнөө үед хэн хүнгүй төсөв мөнгөө бодолцож, тансаглах үедээ тансаглаж, нарийлах үедээ нарийлж сурахгүй бол болохгүй нь… 

1. ЯВГАН ЯВ

Хэзээ хамгийн сүүлд хоёр зээрдээрээ харайлгаснаа санаж байна уу? Машин тэрэг олширсон биш хэн хүнгүй муу зан сурч, тав алхах газар машин унах гэдэг болжээ. Явган явах нь мөнгөнд хэмнэлттэй, эрүүл мэндэд ач тустай төдийгүй Улаанбаатарын утааг багасгахад ч ихээхэн ач холбогдолтой юм. Тэгээд ч замын түгжрэл ихтэй үед зорьсон газраа машинтай явснаас илүү хурдан хүрнэ.

2. ЯАРВАЛ ДААРНА
Шинэ гар утас, шинэ гутал, шинэ үйлчилгээ гэх мэт сурталчилгаа сайтай бүхнийг авчихмаар санагддаг. Гэхдээ мөнгө үрэх шийдвэрийг сэтгэлийн хөөрлөөр гаргаж болохгүй. Нэг сар хүлээгээд үз, сарын дараа хүсэмжлээд байсан зүйл чинь төдийлөн ач холбогдолтой санагдахгүй л болов уу.  Бүр болдоггүй юм аа гэхэд сарын дараа үнэ нь хямдарсан байх магадлалтай гэдгийг сана.

3. МУУ ЗУРШЛУУДАА ХАЯ

Бид архи, тамхинд жилд хэдэн төгрөг зарцуулдаг бол? Бодохоос ч аймшигтай юм! Өдөрт нэг хайрцаг тамхи татдаг байлаа гэхэд ₮1 500*30 хоног буюу сард 45 000 төгрөг, жилд 540 000 төгрөг агаарт хийсгэдэг болж таарч байна. Үүн дээр согтууруулах ундааны хэрэглээгээ нэмээд үзвэл бүр ч аймшигтай тоо гарч ирнэ. Архи, тамхины компаниуд хагартлаа баяжаад байдаг, гэтэл бид ядуураад байдаг…

4. ГАРАА УГАА

Гараа тогтмол угаах нь мөнгөнд маш хэмнэлттэй гэнэ. Учир нь бохир гар халдварт өвчний уурхай болдог. Иймд ариун цэвэр сайн сахисан тохиолдолд ханиад томуу тусах магадлал эрс багасдаг байна. Өвчин зовлон хэтэвчний хамгийн том дайсан байдаг тул гараа тогтмол угааж занших хэрэгтэй.

5. ХЯЗГААР ТОГТОО

Өдөрт хэр их мөнгө зарцуулах, гар утсанд хэдийг үрэх, ямар үнэтэй машин авах гэх зэргээр амьдралынхаа алхам бүрт хязгаар тогтоох нь таны санхүүгийн менежментийг огцом сайжруулах увидастай.

6. ТВ-ЭЭС ТАТГАЛЗ

Бид өдөрт хэдэн цагаар зурагт үзэж, сайн дураараа сурталчилгаанд бөмбөгдүүлж суудаг. Өдөржин шөнөжин ТВ-ээр сурталчлаад байгаа бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй л бол болохгүй гэж бодож, мөнгө үрэх хэрэг гардаг. ТВ үзэхээ больчихвол чөлөөт цагаа илүү үр бүтээлтэй ажилд зарцуулж, цахилгааны зардлаа ч хэмнэх болно.

7. НОМЫН САН АШИГЛА


Улсын төв номын сангаас гэрээр ном авч болохыг та мэдэх үү? Чөлөөт цагаараа ном сонин уншиж, өөртөө хөрөнгө оруулалт хийснээр мөнгө хэмнээд зогсохгүй ашиг орлогоо ч нэмэгдүүлэх боломжтой шүү дээ.

8. ГЭРЛЭЭ УНТРАА
Гэрлээ унтраа, цахилгаан хэрэгслүүдээ салга, мөнгөө хэмнэ… дэлхийн дулааралтай тэмц.

Эх сурвалж: http://dats-oz.blogspot.com/

Ажлаа төлөвлөх оновчтой санаа

Ажлаа төлөвлөх оновчтой санаа
2011 оны 11 сарын 16

1-р АРГА

1-рт: Хамгийн чухал ойрын хугацаанд хийж дуусгах зүйлүүд
2-рт: Чухал боловч яаралтай биш ажил орно
3-рт: Чухал биш ч яаратай хийх ажил орно
4-рт: Ерөнхийдөө хийж дуусгах ёстой ажил орно /Хэзээ ч хийж болох гэхдээ л дуусгах ёстой ажил/

2-р АРГА

Чи толгойдоо орсон бүх санаа оноо бүх ажлаа доош нь цувуулаад зүгээр л бичээд бай. Бичээд дууссан бол бүгдийг нь харж байгаад хамгийн түрүүнд хийх ажлуудынхаа өмнө “А” гээд дараа нь хийх ажлаа “Б” гэж бичнэ. Гэх мэтчилэн урд нь ангилж үсгээр тэдэглэ. Харин үүнд хэдэн ч ” А” хэдэн ч “Б” орж болно.

Ингээд чиний яаралтай хийж дуусгах ажил дотор чинь олон “А” байгаа биз дээ тэгвэл дахиад үүнийхээ урд хамгийн түрүүнд хийж дуусгах ёстой ажилаа 1 гэж тавь. Дараагаар нь хийх зүйлээ 2 гэж тавь. Энэ мэтчилэн ингээд ангилаад байна шүү дээ.

Жишээ нь:


1 “А” Хийх ажил
1 “Б” Хийх ажил
2 “Б” Хийх ажил
2 “А” Хийх ажил
3 “Б” Хийх ажил
1 “В” Хийх ажил
3 “А” Хийх ажил

За ингээд хамгийн түрүүнд хийж дуусгах ажил, хэрэгжүүлэх ёстой санаа чинь <<1>> гээд гараад ирлээ. Ингээд үүнээсээ эхлэж дуусгаад дараа дараачийн ажил болон санаануудруугаа ороорой!

Мөн чи байнга үзэг цаастай явж бай хүний толгойд амжилттай санаа байнга харваж орж ирдэг. Тэгвэл энэ санаагаа гялс тэмдэглээд авах нь зөв. Хүн үүнийгээ тэмдэглэхгүй л бол марчихдаг нь юм шүү. Ингээд тэмдэглэсэн санаагаа ангилж хэрэгжүүлж эхлэнэ шүү дээ.

Чи эдгээр төлөвлөгөөг гаргаснаар чамд ямар ашигтай вэ?

Хамгийн гол нь чи өөрийн бодсон хэрэгжүүлэх гэж байгаа ажлаа маш оновчтойгоор цэгцтэй дэс дараатай хэрэгжүүлж чадна. Мөн хүний толгойд тэмдэглэж ангилахгүй л бол олон олон хэрэгтэй хэрэгггүй санаанууд байдаг. Үүнийгээ чи цэгцэлснээр өөрийн санаа бодлоо ч бас цэгцэлж чадна. Туршаад заавал үзээрэй АМЖИЛТ

http://moncollection.blogspot.com/

Стив Жобсын оюутнуудад хэлж байсан сургамжит түүх

Өнөөдөр та нар хойч үе харин ирээдүйд өнгөрсөн үе болно гэж Стив Жобс нэгэн сургуулийн оюутнуудтай уулзалт хийх үеэрээ хэлжээ. "Apple" компанийг 1976 онд үүсгэн байгуулж, орчин үеийн хамгийн хүндтэй брэнд болгож чадсан Стив Жобс ертөнцийн мөнх бусыг үзүүлээд удаагүй байна. Тэрээр Стэнфордын их сургуулийн оюутнуудтай уулзалт хийхдээ эдгээр түүхийг хүүрнэсэн юм. Та бүхэнд өөрийнхөө амьдралын 3 түүхийг ярьж өгье. Энд гайхалтай гэх зүйл байхгүй жирийн л 3 түүх.



Эхний түүх зангилааны гол цэгийн тухай



Би Рийд коллежид 6 сар сурсныхаа дараа хаясан. Яагаад би сургуулиа хаяхдаа хүрэв? Энэ бүхэн намайг хорвоод мэндлэхээс ч өмнө эхэлсэн юм. Миний төрсөн эх ганц бие оюутан бүсгүй байж. Тэр намайг сургууль төгссөн гэр бүлд үрчлүүлнэ гээд хуульч мэргэжилтэй айлд үрчлүүлнэ хэмээн бүр хэвлийд байхаас минь тохирсон гэдэг. Гэтэл яг үрчлүүлэх дээрээ тултал тэдний хэн нь ч сургууль төгсөөгүй гэдгийг ээж мэдсэн байгаа юм. Ингээд үрчлүүлэхгүй гэж зүтгэтэл аав маань “Хүүг заавал их сургуульд суралцуулна” гэж амлаж л дээ. Ингээд үнэхээр 17 жилийн дараа би их сургуулийн хаалга татсан юм. Үрчилж авсан эцэг эх маань амласандаа хүрнэ гэж насаараа шахуу их сургуулийн зардлыг минь цуглуулж, яг л танай Стэнфорд шиг өндөр төлбөртэй сургуульд оруулсан юм. Гэтэл 6 сар яваад л цаашид сургуульд явах утгагүй санагдаад эхэлсэн. Би өөрийнхөө амьдралыг өөрөө л аваад явмаар санагдаад байлаа. Ингээд эцэг эхийнхээ насаараа цуглуулсан мөнгийг үрэн таран хийгээд сургуулиас гарчихлаа. Эхэндээ би их айж байсан. Одоо харин энэ л миний амьдралын хамгийн зөв шийдвэр байсанд эргэлздэггүй. Дотуур байранд надад өрөө ч гэж байгаагүй найзуудынхаа өрөөгөөр өдөр хоногийг өнгөрүүлж, Коланы шилийг арилжиж хоолоо олж иддэг байлаа.



Миний хоёр дахь түүх бол алдаа оноо, хайр сэтгэлийн тухай



Амьдралд дурлах зүйлээ эрт олсоноороо би их азтай хүн. Воз бид хоёр 20 настайдаа анх аавын маань машины гаражид компаниа байгуулж байлаа. Арван жилийн энэхүү компани маань хоёр тэрбум ам.долларын сантай, дөрвөн мянган ажилтантай болсон байв. Бид макинтошийг дөнгөж бүтээж, 30 нас хүрчихээд байлаа. Гэтэл намайг халчихсан. Өөрийн чинь үүсгэн байгуулсан компаниас чамайг халахад ямар байх вэ? Бид "Apple"-д жил тутамд авъяаслаг, чадвартай залуусыг ажилд авч байсан. Тэд жил ирэх тусам өсч, компанид эзлэх байр суурь нь өссөн. Ингээд нэг өдөр би тэдэнтэй санал зөрөлдөхөд Удирдах зөвлөл тэднийг дэмжиж намайг халсан юм. 30 насандаа ингээд халагдчихлаа, зүтгэж тэмүүлж байсан бүхэн минь сүйрсэн юм шиг л байсан. Гэлээ хэсэг хугацааны дараа би дахин нэг компаниа байгуулж NEXT гэж нэрлэсэн. Мөн төд удалгүй "Pixar"-ийг байгуулж, тэнд гайхалтай бүсгүйтэй танилцаж эхнэрээ болгосон.



"Pixar" анх удаагаа компьютероор хүүхэлдэйн киног бүтээж, одоог хүртэл өөрийн салбартаа хамгийн шилдэг нь гэгдсээр байна. Амьдралын сонин тохиолдлоор "Next"-ийг "Apple" худалдан авсан. Next-ийн бүтээсэн бүхэн "Apple"-ийн сэргэн мандалтын үндэс болсон. Хэрвээ тэр үед намайг ажлаас халаагүй бол энэ бүхэн болохгүй байсан. Хэдийгээр гашуун эм өгсөн ч гэсэн өвчтөн эргэж хөл дээрээ босоход нь том тус болсоны жишээ энэ. Тийм учраас амьдрал заримдаа таныг бороохойгоор нүдэвч бүү бууж өгөөрэй. Та өөрийнхөө дурлах тэр зүйлийг л ол. Тэгээд бүгдэд үнэнч, хариуцлагатай хандаж, дуртай ажлаа хийгээд л бай. Агуу зүйл хийж байгаа мэт санагдах тийм л дуртай ажлаа барьж ав. Хэрвээ та дуртай зүйлээ олоогүй бол хай бүү дэмий зогс. Та түүнийг олвол сэтгэл зүрхээрээ мэдрэх болно.



Миний гуравдахь түүх бол үхлийн тухай бодол маань юм



17 настайдаа би “Өнөөдөр чиний амьдралын сүүлийн өдөр мэт амьдар. Тэгвэл та зөв амьдарна” гэсэн үгийг уншиж билээ. Энэ үг надад их сэтгэгдэл үлдээсэн. Ингээд би өөрөөсөө “Өнөөдөр миний сүүлийн өдөр юм бол би энийг хийх байсан уу? гэж асуух болгонд “Үгүй” гэсэн хариулт орж ирээд байлаа. Мөдхөн би үхнэ гэсэн бодол бол асуудлыг хурдан, зөв шийдэх хамгийн сайн арга. Эрсдлээс эмээх, нэр алдар хөөцөлдөх зэрэг зүйлс бол цаг зуурын л зүйл. Харин үхэл бол зайлшгүй учрах цэг. Одоогоор хэн ч түүнээс зугтааж чадахгүй. Тийм ч байх ёстой. Үхэл бол энэ ертөнцийн хамгийн агуу бүтээл, үхэл бол амьдралын амт. өтөл хөгшдийг авч одон, залуу хойч үед зайг нь гаргаж өгдөг шударга хууль.



Өнөөдөр та хойч үе, ирээдүйд харин өнгөрсөн үе болно. Шулуухан ингэж хэлж байгааг буйг минь өршөөгөөрэй. Гэхдээ энэ бол нүцгэн үнэн. Тэгэхээр өөрт оногдсон амьдралын бяцхан хугацаагаа бусдын, хэрэггүй зүйлийн төлөө бүү зар. Бусдын бодол санаагаар битгий яв. Өлсгөлөн амьдар, жолоогүй яв.





Бичсэн: Д.Төгөлдөр

Эх сурвалж: http://www.olloo.mn/

Интернэт биднээс юуг нууж байна вэ?

Интернэт биднээс юуг нууж байна вэ?
Интернэтийг нээлттэй, бүх төрлийн мэдээлэл олж болдог, агуу их боломжтой бөгөөд дэлхийг харах уудам цонх, дэлхийд гарах үлэмж хаалга хэмээх ойлголтоор бид тодорхойлж хардаг. Гэтэл энэ үнэнд өнөөдөр энэ хир ойрхон бэ? Чөлөөтэй сэтгэх, санамсаргүй санаа, нээлт, мэдлэг олж авах, бүтээлч уран сэтгэмжээр хандах мэтийн ойлголтуудыг боогдуулсан үйл ажиллагаа энэ цаг үеийн Интернэтийн жинхэнэ төрх болжээ гэвэл уншигч та мэдээж санал зөрөх байх. Энэхүү блог бичлэгийг уншаад та нэгийг бодох биз ээ...

Арван жилийн тэртээ цахим өртөө сүлжээгээр “www 10 нас хvрлээ” хэмээн бичихдээ 1991 оны арван хоёрдугаар сарын 12 буюу яг өнөөдрөөс арван жилийн өмнө Stanford Linear Accelerator Center (SLAC) Америкийн хамгийн анхны веб сэрвэрийг ажиллуулсан талаар өгүүлж эхэлсэн имэйл илгээжээ. Тодруулбал, Интернэт жинхэнэ утгаараа нэг байгууллагын хэрэгцээнээс буюу Европт, Женев хотод байрлах European Organization for Nuclear Research (CERN) веб сэрвэрийн хүрээнээс хальж жинхэнэ world wide нэрдээ тохирохоор "дэлхийн" хэмжээний болсон өдгөөгөөс 20 жилийн өмнө ажээ. Тодруулбал, 40 гаруй хоногийн дараа Интернэтийн 20 жилийн ой болох ажээ.

Тээр жил цахим өртөөгөөр цахим худалдаа - коммэрс (commerce) нь интернетийн агуу боломжийг алга болгож “Бараг яг л телевиз шиг идэвхгүй эд” болгож хувиргасан талаар харамсан ярилцах зөвлөгөөн, яг тэр үеийн Интернэт - эдийн засгийн уналт нь сүлжээний жинхэнэ үнэ цэнийг үзүүлэх алтан боломж олгож буй хэмээн Интернэтийн пионерууд дүгнэсэн зэргийг бичиж байжээ. Тэгвэл одоо онлайн реклам сурталчилгаа саад болж, хувь хүн бүрд зохицуулан тохируулах нь нээлттэй байдлыг үгүйсгэнэ, удирдан чиглүүлсэн мэдээллээр хангах нь бүтээлч боломжуудыг хаана хэмээн дахиад шүүмжтэй өнцгөөс харчихлаа.

2009 оны арван хоёрдугаар сарын 4-ний өдөр Гүүгл корпорацын блогт нийтлэгдсэн зүйл тун цөөхөн хүний анхааралд өртжээ. Силикон Вээлий маягийн сүртэй хүчтэй зар гараагүй, хайлтын системийн долоо хоногийн тайлан болон Гүүглийн санхүүгийн уямжийн шинэчлэлийн тухай мэдээллийн дунд хавчуулсан сэндвич лугаа байсан бөлгөө. Би лав тухайн үедээ үүнийг анзаараагүй, олон хүн тоогоогүй боловч цөөн тооны мэргэжилтнүүд “хайлтын системийн хувьд хамгийн том огцом өөрчлөлт хийгдлээ”, ”тухайн хүний онцлогт тохируулсан хайлт хүн бүрт” зэргээр тэмдэглэж байсан аж.

Энэ өдрийн өглөөнөөс Гүүгл хүн бүрийн интернэтэд холбогдон нэвтрэхээс эхлээд хайлт хийх, үзэх унших гээд бүх мэдээллийг урьд өмнө орж үзэж байсан түүх, дуртай сэдэв, сайттай холбоод гэх мэтээр боломжит бүх талаар нийт тавин долоон шинж тэмдэг хэрэглэх болжээ. Та өөрийн тодорхой нэрийн холболтоос гарч (sign-out/logged-out) нэр нь үл мэдэгдэх байдлаар холбогдож байсан ч хамгийн боломжит магадлал өндөр байхаар таныг мөн хэмээн таамаглаж хэрэгцээт мэдээллээ цуглуулж, юунд дуртай, юу сонирхдог, ямар дадал заншилтай гээд өчнөөн олон зүйлээр таныг тодорхойлж чаддаг болох эхлэл бүрэн тавигдсан бөлгөө.

Хамгийн өргөн хэрэглээний, хамгийн олон сонгогдсон материалууд түрүүлж гарч ирдэг, хүн бүрд ижил харагддаг нөгөө алдарт хуудас эрэмбэлэх алгоритм (page rank algoritm) энэ мөчөөс алга болж, үйлчлэхээ больжээ. Өөр тооцуур дээр өөр найзынхаа дэлгэц дээрх үр дүнг яг ижил хугацаанд харьцуулан харахгүй бол анзаарагдахгүй энэ үйл явдал нь хүн бүрд өөр өөр үр дүн өөр өөр жагсаалт үзүүлдэг болсныг өдгөө биднээс мэддэг нь ховор. Товчоор тодруулбал, Гүүглийн стандарт гээч байхгүй болсон.

Туршилт хийж үзэхэд яг ижил үгээр хайлт хийгээд 180 сая үр дүнгийн жагсаалт гарч байхад өөр тооцуур дээр 139 сая үр дүн өөр дарааллаар гарч ирж байв. Эндээс харахад АНУ-д буюу үргэлж шинэ технологийн хүчтэй өөрчлөлт, инновацийн дунд байгаа нэгэн, Монголд байгаа технологийн инновацийн үр дүнг харж хэрэглэдэг хүний хооронд ямар ялгаа гарч тэд биеэ биеэ шууд ойлгох хэмжээнд хэр саад бий болох бол гээд бодоод үзээрэй.

Уол стрийт жорнал (World Street Journal) сэтгүүлийн судалгаагаар CNNээс эхлээд Yahoo тэгээд MSN мэтчилэн Интернэтийн толгой тавин сайт тус бүр дунджаар 64 күүки (cookie) суулгаж хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулдаг ажээ. Dictonary.com сайтыг би их хэрэглэдэг юм, гэтэл энэ сайтаар “depression” гэх ганц үг хайхад 223 күүкий суулгаж гуниг гутралыг эмчлэх талын мэдээллээр бөмбөгдөх вэбсайтуудад манийг дамжуулчих жишээтэй. ABC News-с үе үе санаанд таарсан хоолны жор их имэйлддэг маньд мөн Teflon сав суулга дандаа сурталчилдаг юм. Эндээс Интернэтийн өнөөгийн агуу бизнесүүд Гүүгл, Фэйсбүүк, Эппл, Майкрософт, Сэйлсфорс, АйБиЭм (энэ бүх газар монгол хүмүүс ажилладаг нь бас сонин тохиолдол шүү) бүгд хувь хүнийг чиглэн өрсөлдөж, хувь хүний мэдээлэл, үүнийг уншигч та тулааны гол цэг болжээ.

Дээр гүүглээр нэлээд жишээлсэн, ер нь гүүгл хэрэглэгчийн мэдээллийг бусадтай хуваалцахгүй, зөвхөн өөрсдөө хэрэглэнэ гэсэн баталгаа гаргаж өгч байгаа, ямартаа ч өнөөдөртөө. Гэтэл kayak.com болон тэдний AddThis үйлчилгээнээс авахуулаад чөлөөтэй хуваалцана гэх чиглэл маш их газар авлаа. BlueKai, Acxiom мэтчилэн мэдээллийн бизнесүүд хэрэглэгчийн хувийн асар их мэдээлэл цуглуулчихжээ. Жишээ нь, АНУ-н хүн амын 96%-ийн төлбөр зээлийн оноо мэдээллээс авахуулаад эмнэлэг, эмчилгээ, эрүүл мэндийн түүх гэхчлэн мэдээлэл хүн тус бүрээр 1500 гаруй үзүүлэлтээр бий болжээ. Эндээс “зан байдлын зах зээл” (behavior market) дээр тоглогчдын танаас хүлээх “click” дохио отох явдлыг улам хөгжүүлж буйн зах зухаас харах биз ээ.

Худалдан авагчийн хувийн сонирхол, хүсэл, хэрэгцээтэй холбоотой мэдээлэл цуглуулаад түүгээрээ тоглолт хийж элдэв бараа, үйлчилгээ санал болгон аль болох борлуулах зорилгыг Интернэт том бизнесүүдэд бий болгож байна. Amazon.com-ын худалдан авагчид мөн энэ талын мэдээллээр бялхаж буй. Худалдаж авсан ном, бараатай, үзэж сонирхсон зүйлтэй чинь холбоотой мэдээлэл, дараагийн худалдан авалт уруу чинь чиглэсэн маш олон үйл ажиллагааг амазоноос мэдэрдэг шүү дээ. Netflix видео түрээсийн 60 хувь нь хэрэглэгчийн хувийн сонирхолд чиглэсэн таамгуудын үр дүн байдаг ажээ.

Гүүгл, Амазон зэрэг нь хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулж, хүсэл сонирхлыг тодорхойлохдоо өнгөрсөн сонголтууд, сонирхон уншсан, үзсэн, худалдаж авсан мэдээлэл дээр үндэслэдэг. Харин фэйсбүүк өнгөрсөн түүхийг нь биш товшлуур – click тоолж, бас эргэн хүрээлсэн холбоотой хүмүүсээр баримжаалж, хаана юуг дуртай – like хийж байгаагаар баримжаалдаг ажээ.

НьюИорк таймс сонин news.me гээд шинэхэн эхлэн (start-up) бизнесийг дэмжиж хөрөнгөжүүлэн бидний уншиж сонирхож буй мэдээ, мэдээлэл, нийтлэл, санал сэтгэгдлийг түүнчлэн youtube дээрээс үзэж буй видеонуудын агуулгаар түүвэрлэн судалж бидний сонирхол, хүсэл мөрөөдлийг тодорхойлох оролдлого хүн тус бүрээр хийж байна.

Эцсийн хэрэглэгч буюу бидний хувьд дээр өгүүлсэн судалгаа, тоо бүгд юуг харуулж байна вэ гэхээр Интернэт дэх асар их мэдээллээс танд зориулсан шүүлтүүр бий болгож буй юм. 900,000 блог бичлэг, 50 сая жиргээ, фэйсбүүкийн 60 сая гаран статус апдэйт, 210 тэрбум имэйл өдөрт сүнгэнэж буй өнөө үед шүүлтүүр байх нь аргагүй биз ээ, гэхдээ шүүлтүүрийг хэн тодорхойлж байна вэ? Юу унших, юу үзэх, юуг худалдаж авах, юуг дэмжиж тэтгэх гээд олон зүйлийн шийдвэрийг гаргахад хамгийн түрүүнд хэн юу ямар аргаар нөлөөлж байна вэ? Савангийн хөөс мэт олон энэ их мэдээллийн шүүлтүүрийг та өөрөө хийдэг гэж санаж байна уу? Энэ мэт олон асуулт гарч болно, харин хариулт нь ердөө ганц – Та биш, Интернэт шүүлтүүр тавьж, шийдэж байна.

Шүүлтүүрийн талаар тодорхой жишээ дурдахад, Fox news эсвэл The Nation унших мэдээний шүүлтүүрээ та өөрөө зохицуулдаг гэж санах хэрэггүй. Та ердөө чиглэл гаргаж байгаа бөгөөд тэр дотор чинь юу байж, юуг нь эхэнд нь харуулж, юуг олдохгүй эсвэл залхаад олж үзэхгүйгээр тээр хол байрлуулахыг тэд шийднэ, та биш. Харин Монголд өнөөдөртөө Монгол Ньюсийн өнөөдөр сонин, Ньюс МН, Гого ньюс уншихад ингэхгүй байгаа ч Интернэтийн хөгжлийг дагавал хүн бүр ижил дэлгэц харахгүй мөч ойрхон байгаа биз ээ. Энэ нь технологи хэр хурдан нэвтэрч буй асуудал болохоос монголчууд хүний хувийн мэдээлэлд сонирхолгүй байгаа хэрэг биш биз ээ.

Өөрийн нэрээр холбогдохгүйгээр нэргүй буюу anonymous байдлаар Интернэтэд хандахад хэнийг ч танихгүй гэсэн байр суурь байдаг талаар өмнө хэдэнтээ дурдсан. Үнэндээ бол өдийд том акулууд өөрийг тань холбогдсон ч, нэргүйгээр нуугдсан ч шууд таних боломжтой чадвартай болчихсон юм. Гүүгл гэхэд бүх хэрэглэгчийн бүх хандалтыг алдаатай, буруу зөрүүгээс эхлээд санамсаргүй эсвэл санаатайгаар хамааралгүйгээр бүгдийг үг үсэг зассантай нь хадгалж байдаг. Нэгэнтээ Эрик Шмидт ийн хадгалсан өгөгдөл нь 2003 онд 5 тэрбум гигабайт болж байсан бол өдгөө ердөө хоёр өдөрт энэ хэмжээнд хүрсэн хэмээжээ.

Төр засаг мөн Интернэтээр бидэнтэй харьцаж байдаг, бидний сонирхол, дуртай мэдээлэл, аюулгүй байдал гээд олон талаар анхаарал тавьж байдаг ажээ. Нэг жишээ дурдахад, Эйти энд ти-гийн Сан Франциско хотод байрлах Интернэтийн холболтын гол төвөөр дамжих мэдээллийг хуулдаг өгөгдлийн төвийг үндэсний аюулгүй байдлын агентлаг (national security agency) ажиллуулдаг бөгөөд тэдний хамгийн гол асуудал нь өдгөө цахилгааны хангамж гэжээ. Ингээд 2014 онд шинэ цахилгаан станц ажилд оруулахад энэ асуудал бүрэн шийдэгдэхээр төсвийн зарцуулалтад тусгагдаж байна.

За ингээд өнөөгийн Интернэтийн биднээс нууж, ил тод бус байгаа зүйлсээс голчлон хувь хүний мэдээлэл цуглуулах, гол нь түүнийг хэрхэн яаж мэдэж байгаа, тэгээд хамгийн чухал нь түүгээрээ бидэнд нөлөөлж чадаж буйг олон жишээгээр илэрхийллээ. Нээрээ, өөрийг нь өөрөөс нь илүү сайн таньж, ойлгож, мэдэгдэхгүйгээр өөрт нь хамгийн их нөлөөлж чадаж буйд хэн дуртай байх бол?

Үүнээс гадна ингэж цаанаас нь их чиглүүлээд, бэлтгэж өгөөд, олж үзэх мэдээлэлд нь шүүлт тавиад байхаар хувь хүний serendipity буюу санамсаргүй нээлт хийх боломжийг хаадаг ажээ. Үнэхээр бэлэн хоолон дунд буй юм чинь өөрийн бүтээлч сэтгэлгээ алга болчих гээд байдаг талтай. Одоо хийж байгаа зүйлийнхээ яг үргэлжлэл, дараагийн алхам юу вэ гэдгийг Интернэт өөрт чинь хэлж өгөөд байвал амьдрал чинь хир сонирхолтой баймаар байна?

Мөн уншиж буйг чинь залаад, мэдэхээр сурахаар хөөцөлдөж буйг чинь урд чинь бэлэн буй мэт болгоод, сонирхолгүй мэт зүйлээс холдуулаад хэрэггүй мэт мэдээллийг төөрүүлээд өөрт чинь хүргэхгүй байгаа зэрэг нь үнэхээр тийм сайн зүйл үү, магадгүй нөгөө “тархиа угаалгана” гэгч болчхож буй санагдахгүй байна уу?

Энэ мэт олон зүйлийг Интернэт биднээсээ нэг л нуугаад байх шиг … товчхондоо, хөөсөн шүүлтүүр буюу the filter bubble гээч ойлголтын талаар бичлээ.

Эх сурвалж: http://argamag.blogspot.com

 
Бодол санааны бор гэр