РЕЛЕ ХАМГААЛАЛТ, АВТОМАТИКИЙН ИНЖЕНЕРҮҮДИЙН СУРГАЛТ БОЛОВ

Эрчим хүчний салбарт диспетчерийн алба үүсч хөгжсөний 50 жилийн ой угтсан 50 бүтээлч ажлын нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд Диспетчерийн үндэсний төвийн Реле хамгаалалт автоматикийн албанаас ЭХИС-ийн Автоматжуулалтын туршилт судалгааны төв, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, “RР&A” ХХК-тай хамтран “Реле хамгаалалт, автоматикийн инженерүүдийн сургалт”-ыг 2014 оны 3 дугаар сарын 24-нөөс 28-нд амжилттай зохион байгуулав.
“110 кВ-оос дээш хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамын реле хамгаалалт, автоматик” сэдвээр зохиогдсон энэхүү сургалтанд цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний салбарууд болон бусад компаниудын 20 гаруй инженерүүд оролцож онол, дадлага хосолсон 50 цагийн хичээлд хамрагдлаа. Сургалтын зорилго нь цахилгаан дамжуулах шугам сүлжээний хэвийн болон хэвийн бус горимууд, өндөр давтамжийн нийлмэл реле хамгаалалт автоматикийн ажиллах зарчим, схемийн онцлог, шалгалт туршилт хийх дадлага олгох, сүүлийн үеийн тэргүүний технологи, программчлагдах контроллер, тоон технологийн реле хамгаалалт автоматик, микропроцессорын төхөөрөмжийн талаар цахилгаан дамжуулах шугамын реле хамгаалалт автоматикийг хариуцаж гардан ажиллаж байгаа инженерүүдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд чиглэгдсэн болно.
Сургалтыг эрдэмтэн багш нар, туршлагатай зөвлөх инженер, шинэ залуу инженерүүд хамтран явуулсны үр дүнд цахилгаан системийн найдвартай, тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг бүхий реле хамгаалалт автоматикийн нарийн мэргэжлийн инженерүүд цаашид мэргэшин ажиллахад нөлөө үзүүлэх өгөөжтэй сургалт болсны зэрэгцээ оролцогчид шалгалт өгч сертификат гардан авлаа.

0 сэтгэгдэл:

Post a Comment

 
Бодол санааны бор гэр